Ц.ДАМДИНСҮРЭН: БАНКНЫХАА БҮХИЙ Л ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД НИЙЦҮҮЛЭН АЖИЛЛАНА

2022-12-28


Монгол Улсын банкууд банк, санхүүгийн системд “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн банкны хувьд ТоС хөтөлбөрийг дэмжиж, өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ 2013 оноос нэвтрүүлэн ажиллаж буй юм. Энэ талаар тус банкны ТоС-ийн ажлын хэсгийн ахлагч, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Ц.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

Ярилцлагынхаа эхэнд ТоС хөтөлбөр буюу тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн талаар тодруулмаар байна. Энэхүү хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн санхүүжилт гэж ойлгож болох уу?

- НҮБ-аас 2015 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлсэнтэй холбоотой улс орон бүр өөрийн зорилт, амлалт болон бодлогын суурь бичиг баримтуудыг боловсруулан дагаж мөрдөж байна. Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах, банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Банк, санхүүгийн салбарын хувьд тогтвортой санхүүжилтийн чиглэлд Монголын Тогтвортой Санхүүгийн холбоотой хамтран маш идэвхтэй, манлайлан ажиллаж байна.

- Төрийн банкны хувьд ТоС хөтөлбөрийн чиглэлээр 2022 онд хийсэн хамгийн томоохон ажил гэвэл юуг нэрлэх вэ?  

- Төрийн банкны хувьд 2013 оноос ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Дээр дурдсан  зорилго, амлалтуудыг биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Тухайлбал, үндсэн суурь бичиг баримтуудаа боловсруулах хүрээнд анх 2015 онд “Байгаль орчин, нийгмийн бодлого, журам”-ыг баталсан. Үүнээс хойш тасралтгүй сайжруулан жендерийн болон засаглалтай холбоотой асуудлуудыг авч үздэг болсон.  Энэ улиралд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа “Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого” –ын баримт бичгийг шинэчлэн батлуулаад байна. Энэ нь Төрийн банк бизнесийн болон дотоод үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлаар баримтлах зарчмуудыг тодорхойлж өгсөн гэсэн үг.

Байгаль орчны тал дээр хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон төрөл зүйл байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих гэсэн үндсэн гурван чиглэлийг баримтална. 

Нийгмийн чиглэл дээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, дундаж давхаргыг дэмждэг, жендерийн эрх тэгш байдлыг дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлдэг байя гэсэн зарчим баримтлахаар тусгасан.Харин засаглалын бодлогын хувьд нээлттэй, ил тод, оролцогч талуудын эрх ашгийг хангадаг, авлигаас ангид байх зарчмыг тус тус улам бататгаж баримтлах юм.

2022 онд Төрийн банк өмнөх оны үр дүнгээ ахиулан “ТоС-ийн хэрэгжилтийн үнэлгээ”-гээр “А” үнэлгээ авлаа. Энэхүү үнэлгээг Монголын Тогтвортой Санхүүгийн холбоо, Монголбанк, Олон улсын Санхүүгийн корпорацтай хамтран 2016 оноос эхлэн жил бүр хийж ирсэн.

- Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаас хамгийн түрүүнд хувьцаагаа олон нийтэд санал болгож, тодорхой хувийг тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүнийг дэмжинэ гэж зарласан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

- Төрийн банк Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хувьцаа гаргаж, хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгож, түүнээс бий болох хөрөнгийг Тогтвортой хөгжил болон нийгмийн дундаж давхаргад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн. Бид урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын жинг нэмэгдүүлэх тодорхой зорилт тавин ажиллаж байна.

- ТоС-ийн хөтөлбөрийг бүх банкууд хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлээр танай банк одоогоор ямар, ямар бүтээгдэхүүн хэрэгжүүлж байна вэ?

- Бид “Ногоон” гэсэн бүлэгт хамаарах зээл, карт, бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ “Тогтвортой хөгжилд чиглэсэн” гэдэг нэршилтэй болгон шинэчилж, зах зээлд харилцагчдадаа санал болгож байна. Жишээ нь, эко автомашин, цахилгаан унадаг дугуй, скүүтэр худалдан авах хэрэглээний зээлээс эхлээд жендерийн эрх тэгш байдал буюу нас, хүйс болон тусгай хэрэгцээт иргэдийн нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлэх, чөлөөтэй оролцоход дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнийг тус тус зах зээлд нэвтрүүлээд байна.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, худалдан авах зээлийг санал болгож байна. Үүний зэрэгцээ БОАЖЯ-ны Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй 10 гаруй төрлийн цахилгаан халаагуур, дулаалгын материал худалдан авах, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдан авах гэх мэт зээлийн бүтээгдэхүүнийг иргэн, хуулийн этгээдэд санал болгон ажиллаж байна. Эдгээр “Ногоон” зээлийн гол ач холбогдол нь нийгэмд тулгамдаж буй агаарын бохирдол, хөрсний бохирдол зэргийг бууруулах, эрчим хүчийг хэмнэх зорилготой юм. 

- Танай банкны тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн ямар онцлог, ялгаатай вэ?

- Ерөнхийдөө банк, санхүүгийн байгууллагууд тухайн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч нартаа байгаль орчинд ээлтэй байх талаар нэмэлт шаардлага тавьж байгаа. Нөгөө талаас хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, худалдан авах зээлийн хувьд эрчим хүчийг хамгийн багадаа 20 хувь хэмнэх шаардлага тавигддаг.  Манай банкны хувьд тухайн хэмнэлтийн хувиас хамаарч зээлийн хүүг шатлалтай тогтоодог болсон. Өөрөөр хэлбэл, таны байшин эрчим хүчийг их хэмнэдэг байх тусам та илүү бага хүү төлөх зохицуулалттай болж байгаа гэсэн үг.  

- Төрийн банкны хувьд бүтээгдэхүүн, эрсдэлийн үнэлгээ зэргээр дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжиж байна.  Харин банкны ажилтнууд нь тогтвортой хөгжлийг хэрхэн, яаж дэмждэг вэ?

- Манай банк тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа 500 салбар нэгж, 4000 гаруй ажилтнуудаараа дамжуулан үзүүлж байна. Ажиллах хүчнийхээ дэмжлэгтэйгээр өөрийн байгууллагадаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллаж байна.  Тухайлбал, “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг санаачлан гурван жил дараалан зохион байгуулсан.  Улаанбаатар хотын Туул гол, Сэлбийн голын сав газар, орон нутагт тухайн аймаг, сумын гол горхи, ундны усны сав газар зэрэг нийт 6000 орчим га газрыг цэвэрлэж 735 тонн, ойролцоогоор 400 орчим автомашин хог хаягдлыг цуглуулсан.     

Нийгмийн хариуцлагын хүрээнд бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх уриатай “Зүрх мартахгүй” төсөлд ажилтнууд нэгдэн хандив өргөж, бяцхан зүрхнүүдийг аврах аянд хувь нэмрээ оруулж байна.

Мөн бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн “Модыг мод-а” болгоё уриалгыг дэвшүүлж банкны нийт ажилтнуудын оролцоотойгоор нийт 5000 орчим модыг суулгаж, жил бүр арчлан үүнийгээ уламжлал болгон өрнүүлэхээр болсон. 

- Монгол Улс 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх маш том зорилт дэвшүүлсэн. Төрийн банкны оролцоо үүнд ямар байх вэ? Цаашид тогтвортой хөгжлийн чиглэлээр ямар, ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?  

- Бид тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцыг хэрхэн нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх вэ, өөрсдөө бид хэрхэн мэргэжлийн түвшинд хүрч ажиллах вэ гэдгээ тодорхойлж, урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна.

Цаашдаа банкныхаа бүхий л үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн, уялдуулах чиглэлд ажиллаж дээрх томоохон амлалтуудаа биелүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажиллаж байна. 

Эх сурвалж "Үндэстний тойм"

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК