Төрийн банк монголд анх удаа EMV чиптэй ЮнионПэй карт гаргалаа.

2015-02-02


Төрийн банкнаас Монголд анх удаа EMV чиптэй  ЮнионПэй картыг зах зээлд нэвтрүүлсэнтэй холбогдуулан тус банкны Цахим банкны газрын захирал А.Мандахнарантай ярилцлаа.

Төрийн банкны гаргаж буй ЮнионПэй карт харилцагчдад ямар давуу талыг санал болгож байгаа вэ?

Бид анх удаа олон улсын EMV стандартын ЮнионПэй картыг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ картаар гүйлгээ хийх бүрт 6 оронтой ПИН кодоор баталгаажуулж байх тул харилцагчдад аюулгүй, найдвартай шинэ үеийн картын хэрэглэгч болох боломж бүрдэж байгаа гэсэн үг.

Энэ карт нь өндөр нууцлал бүхий EMV чиптэйгээс гадна, бидний зүгээс харилцагчийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц үйлчилгээ, урамшуулалт нөхцөлтэйгээр гаргаж байгаа.

Цогц үйлчилгээ гэдэгт  ямар үйлчилгээнүүд багтах вэ?

Жишээлбэл, харилцагч  ЮнионПэй картаа төгрөгийн, юаны гэсэн валютын сонголттойгоор авч болох бөгөөд картын жилийн хураамжинд Олон улсын  Aspire /ISOS/ компаний БНХАУ-н Бээжин хот дахь лавлах төвтэй /Монголоос 70169985/, /бусад орноос + 86 21 2510961/ хэзээ ч холбогдох боломжтой бөгөөд доорх үйлчилгээг авч болно. Үүнд:

• Эрүүл мэндийн зөвлөгөө авах, өөрийн үзүүлэх эмнэлэгийн хаяг байршлыг асуух, лавлах, карт эзэмшигч өөрөө эрүүл мэндийн тусламж зайлшгүй шаардлагатай болж, хэвтэж эмчлүүлэхээр бол хэвтүүлэх туслалцаа үзүүлэх, эмнэлэгт хэвтсэн үед дагалдан явж буй гэр бүлийн гишүүдийнхээ зочид буудал, байр сууцыг зохион байгуулах зэрэг ОУ-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах,

• Олон улсын Аялалын тусламж үйлчилгээ: Карт эзэмшигч гадаад улс оронд зорчихдоо ачаа тээш, паспортоо гээсэн бол үүнийг олоход тусалцаа авах, тээврийн үйлчилгээний тийз, зочид буудлын захиалга өгөхөд яаралтай тусламж авах, мөн гадаадад паспортоо гээсэн тохиолдолд паспортоо олоход тусламж хүсэх зэрэг үйлчилгээ авах,

• Олон улсын нислэгийн мэдээлэл авах, тийз захиалах Консиержийн үйлчилгээ зэргийн авах боломжтой.

Энэ картыг яагаад заавал бусдаас онцлон EMV чиптэй ЮнионПэй карт гэж нэрлээд байгаа вэ?

Төлбөрийн картын байгууллагууд хамтран 1995-1999 онд EMVсо гэдэг компани байгуулж, картын  луйвар, хулгайгаас хамгаалахаар чип картын шинэ стандарт буюу пластик дотор суурилсан бичил компьютерийг олон талт мэдээллийн агууламжтайгаар бэлэн бус төлбөр тооцооны түгээмэл хэрэгсэл болгож, төлбөрийн картын зах зээлд нэвтрүүлсэн. Энэ нь картын бүх мэдээллийг өндөр түвшинд нууцалж кодолдог бөгөөд хакерууд энэ мэдээллийг олж авсан ч задалж ашиглах боломжгүй технологи юм. Иймээс л манай банк луйврын гүйлгээний эрсдэлээс сэргийлэх, аюулгүй, нууцлал өдөртэй, технологийн дэвшилтэт картыг зах зээлд нэвтрүүлээд байна.

Картын урамшууллын талаар мэдээлэл өгнө үү?

Төрийн банкнаас 2015 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал  хугацаанд EMV чиптэй ЮнионПэй карт захиалж авсан харилцагчдаас 3 азтан шалгаруулж мөнгөн шагнал, гарын бэлгээр урамшуулна. Үүнээс гадна, дээрх хугацаанд хамгийн их гүйлгээ хийсэн 10 харилцагчийг шалгаруулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн харилцагчийг хосоороо Хайнанд амрах эрхийн бичгээр, дараагийн 9 харилцагчийг мөнгөн шагналаар тус тус урамшуулна.

Мөн манай банкинд 1,0 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж нээсэн эхний 100 харилцагчид Энгийн Юнионпэй карт, 5,0 сая төгрөгөөс дээш хадгаламж нээсэн эхний 50 харилцагчид Алтан Юнионпэй картыг бэлэг болгон өгөх юм.

Төрийн банкнаас саяхан “Гялс банк үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ” гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн, энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

Төрийн банк нь банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялс банкны үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь Интернэт банк, Мобайл банк, Мессеж банкны үйлчилгээг нэгтгэсэн цоо шинэ үйлчилгээ бөгөөд ингэснээр харилцагчид олон төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлж, давхар хураамж, шимтгэл төлөх шаардлагагүй болж байгаа юм.  Харилцагч Гялс банк үйлчилгээг Банкны вэб, Смарт аппликейшн, Гар утасны сим-д суулгасан цэс, Мессеж зэрэг олон төрлийн сувгуудаар авах давуу талтай.

Мөн Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Гялс банкны вэб сувгийн үйлчилгээнд дараах сайжруулалтыг хийсэн. Үүнд: Цахим үйлчилгээнд өөрийгөө бүртгүүлэх, Карт захиалах, Маргаантай гүйлгээний хүсэлтээ өгөх, Онлайн хадгаламж барьцаалсан зээл авах, Гадаад гуйвуулгын хэсгүүдийг шинэчилсэн. Түүнчлэн сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, лавлагаа, үйлчилгээний хураамжийг Төрийн банкны интернэт банкийг ашиглан шууд төлөх боломжтой болсны зэрэгцээ, Хувийн дугаар үйлчилгээ, Цахим төгрөг үйлчилгээ, Юнивишн-ТВ банк үйлчилгээ зэрэг цахим үйлчилгээнүүдийг харилцагчдаа санал болгож байгаа.

Иргэдийн ихэнх нь Төрийн банкаар дамжуулан байрны мөнгөө төлдөг, үүнийг хэрхэн хялбаршуулсан бэ?

- Тиймээ, манай банк улсын хэмжээнд нийт 1000 гаруй Контор, СӨХ, Цахилгаан, Кабель, Интернэт зэрэг биллер байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийт орон сууц болон гэр хороололд оршин суудаг айл өрхүүдийн хэрэглээний төлбөр төлөх Биллингийн үйлчилгээний 90 гаруй хувийг Төрийн банк дангаар эзэлж байгаа юм.

Энэ нь манай банкны биллингийн систем өндөр түвшинд хөгжсөн, харилцагчид хэрэглээний бүх төлбөрөө нэг цэгт төвлөрүүлэн төлөх боломж олгож байгаа ба айл өрхүүдэд биллингийн цогц үйлчилгээ, тэр дундаа банкинд очилгүйгээр Интернэт, АТМ, Гар утас зэрэг цахим төхөөрөмжөө ашиглан хэрэглээний бүх төлбөрөө төлөх боломжтой болсон.

Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа, Бид 2015 онд харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ, олон төрлийн урамшуулалт үйлчилгээ санал болгохоор төлөвлөж байна. Харилцагч та EMV чиптэй ЮнионПэй карт болон бидний зарласан урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрт ойрхон байгаа манай банкны салбар болон мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас лавлах боломжтой.

 

Сэтгүүлч Б.Солонго

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК