ХУВИЙН ХЭВШЛЭЭС АНХ УДАА ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫГ ИРГЭДЭД САНАЛ БОЛГОЖ БАЙНА

2015-01-27


Төрийн банк, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн удирдлагууд хамтын ажиллагааны нэгэн гэрээг үзэглэлээ. Тодруулбал, Төрийн банк, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг хэрэглэгчдэдээ албан ёсоор хамтран хүргэхээр болж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар гарын үсэг зурлаа.

Монголд хамгийн олон салбар, нэгжтэй Төрийн банкны хувьд даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн нүүр үзжээ. Харин “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг зуучлан борлуулахаар болсныг Монгол Улсад анх удаа, бас шинэ хэмээн тодорхойлж болно. Учир нь манай улсад амьдралын буюу урт хугацааны даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч цорын ганц компани нь “Нэйшнл Лайф Даатгал” бөгөөд тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнээ арилжааны банкаар дамжуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ ойртуулж буй нь энэ. Үүгээр тус компани цалин, орлогоосоо сар бүр заавал хуримтлуулан байж бий болгодог нийгмийн даатгалаас өөр нэгэн хувилбарыг монголчууддаа санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгал нь даатгуулагчийн нэр дээр бодитойгоор хуримтлал үүсгэж, шаардлагатай бол түүнийгээ буцааж авах, өвлүүлэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна тус даатгалд хамрагдсанаар даатгуулагч гэнэтийн осолд орсон тохиолдолд хуримтлалаа компаниас хоёр дахин өсгөж авах бололцоотой.

Энгийнээр хэлбэл, тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн нь хоёр үе шаттай байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд хуримтлуулж, дараа нь түүнээсээ хүртдэг. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд хуримтлуулах үйл явцыг Төрийн банк хийж буй хэрэг юм.

Энэ үеэр “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү болон Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

Г.Монголхүү: “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг бусдад өвлүүлж, хүссэн үедээ зарцуулах боломжтой

-“Тэнүүн амьдрал” тэтгэврийн даатгал, хуримтлалын бүтээгдэхүүний онцлогийг товч тодорхойлбол?

-Ерөнхийдөө УИХ-аар хэлэлцэж буй хамтын тэтгэврийн даатгалтай төстэй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хуримтлалаа өвлүүлж, хүссэн үедээ зарцуулж болно гэсэн үг. Мөн гэнэтийн осол,  эрсдэлийн хамгаалалт манай бүтээгдэхүүнд бий. Мэдээж хуримтлал нь хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх онцлогтой.

-Хуримтлалын хэмжээ, хугацаанд ямар нэг босго, шалгуур бий юү?

-Тэтгэврийн хэмжээг хувьд хувь хүн өөрөө тогтооно. Түүндээ тохирсон хураамжаа даатгалын компанид төлнө гэсэн үг. Хугацааны хувьд хамгийн багадаа таван жил хуримтлуулах шаардлагатай. Гэхдээ шаардлагатай бол хугацаанаасаа өмнө хуримтлалаасаа авах боломжтой.

-Танай компани энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлээд хэр удаж байна вэ?

-2010 онд манайх Санхүүгийн зохицуулах хорооноос тэтгэврийн даатгалын үйлчилгээ үзүүлэх анхны зөвшөөрлөө батлуулж байсан. Мэдээж өдөр ирэх тусам бүтээгдэхүүн, үйлчилгээгээ боловсронгуй болгохоор хичээн ажиллаж байна.

Б.Ганболд: Банкны үйлчилгээ аваад зогсохгүй даатгалын бүтээгдэхүүн сонгох боломжтой

-Төрийн банк даатгалын зургаан ч компанитай хамтран ажилласан туршлагатай. Энэ удаагийн хамтын ажиллагаа бусдаасаа чухам юугаараа ялгаатай юм бэ?

-Юуны түрүүнд үүнийг банкны уламжлалт бүтээгдэхүүн, үйлчилгээ биш, даатгалын бүтээгдэхүүн гэж ойлгох нь чухал. Үйлчлүүлэгч даатгалын компанитай гэрээгээ байгуулж, хуримтлал үүссэнээр түүнийг нь Төрийн банк хадгалж, хүү төлж, өсгөн үржүүлэх юм.

-Хуримтлалын хүү ямар байх бол?

-Монголбанкнаас зарласан бодлогын хүүг тодорхой хэмжээгээр нэмж тогтооно. Ерөнхийдөө банкны урт хугацааны хадгаламжийн хүүтэй ойролцоо байгаа.

-Энэхүү хамтын ажиллагаанаас талууд юу хожино гэж хэлж чадах вэ?

-Нэгдүгээрт, нийгмийн үр ашигтай. Манай банк Монгол Улсын бүх сум, сууринд салбар нэгжтэй. Даатгалын компани тухайн сум, сууринд заавал салбар, нэгж байгуулах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс даатгалын компанийн зардлыг хэмнэнэ. Нөгөө талаас банк зуучилсныхаа төлөө тодорхой хэмжээний шимтгэл авах учраас ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Харин иргэд зөвхөн банкны үйлчилгээ аваад зогсохгүй даатгалын бүтээгдэхүүн сонгох ач холбогдолтой. Цаг хугацаа, зардал мөнгийг нь ч хэмнэнэ.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК